Тогтвортой хөгжил

Орон нутаг

Түүхэн товчоон

Өмнөговь аймгийн Ханбогд сум нь 1924 онд Хаданхошууны Хар овооны бууц гэдэг газар  “Галба” нэртэйгээр анх байгуулагджээ. Галба сум 1941 оноос нэрээ сольж Ханбогд хайрхныхаа нэрээр  нэрлэгдэн, 90 гаруй жилийн түүхэн замналыг туулж ирсэн байна.

Газар нутгийн онцлог

Ханбогд сум нь урд талаараа БНХАУ-тай, баруун, хойд талаараа өөрийн аймгийн Манлай, Цогтцэций, Баян-овоо сумдтай, зүүн талаараа Дорноговь аймгийн Хатанбулаг Мандах сумдтай хил залган оршдог.Сумын төвөөс баруун тийш 40 км зайд “Оюу Толгой”-н дэлхийд тэргүүлэх зэсийн орд байдаг.  Ханбогд сум нь Улаанбаатар хотоос 650 км, Өмнөговь аймгийн төвөөс 250км зайтай оршдог. Галбын улаан угшлын тэмээг өсгөдөг тэмээнийхээ тоогоор Монгол улсад  нэгдүгээрт ордог.  Номгон, Гавилууд, Жавхлант, Баян зэрэг багуудтай.

Үзүүлэлт

2000

2002

2004

2006

2008

2010

Суурин хүн амын тоо

2,306

2,418

2,577

2,901

3,022

3,522

Малын тоо толгой

69,296

52,760

62,256

71,285

102,456

96,084

Үзүүлэлт

2011

2012

2013

2014

2015

2016

Суурин хүн амын тоо

3,954

4,300

4,712

5,060

5,344

6,386

Малын тоо толгой

112,143

123,291

126,003

126,467

133,013

151,449

Хээр тал, говь цөл хосолсон, Ундайн говь, Байшин цав, Чингисийн уурганы нүх Хөхөлдөг цохио, Мэлхий хад,  3 зээрдийн агуй, 3000 хайлааст, Сэвхүүлийн элс, Хаалгын рашаан,  алдарт галбын говь зэрэг  байгалийн үзэсгэлэнт газар бүхий  1515,2кв километр  нутаг дэвсгэртэй.  Газрын хөрсөндөө  алт, зэсийн арвин баялаг нөөцтэйгээс  гадна эрт галавийн үеийн  аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод зэрэг ховор олдвортой. Дуу түүхэнд мөнхөрсөн Галба нутагт Ноён хутагт Данзанравжаагийн  байгуулсан алдарт  гурван хийдийн туурь, Цогзолын хийдийн  туурь, Алтангэрэлийн дугуй,  Ловончомбын баяжуулдаг Чавгын  агуй,  Ходоод, нүдний рашаан, элэг цөсний чулуу  зэрэг байгаль түүхийн  сонин тогтоц бүхий газруудтай.

 

Ан амьтан

Сумын нутаг дэвсгэрт  дэлхийн улаан номонд бүртгэгдсэн  дархан цаазтай  аргаль янгир, хар сүүлт, хулан зээрнээс гадна үнэг чоно туулай шилүүс болон олон төрлийн жигүүртэн шувууд  байдаг.

Эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд

Тус сум нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай. Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж   байна. 

Эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуй. Галбын говийн бахархал болсон дэлхийн хоёр бөхт тэмээгээ сүүлийн жилүүдэд жил дараалан өсгөж 2006, 2007. 2008 .2009  онд тэмээний тоо толгойгоороо улсдаа  тэргүүн байр эзэлсэн амжилт  гаргасан төдийгүй Гавилууд омгийн  илүү нугаламт хонь, говь гурван сайхан үүлдрийн ноолуур сайт ямаа зэрэг шилмэл үүлдрийн мал сүргийг өсгөн үржүүлж  ашиг шимийг нь хүртдэг.

Дэлхийн хэмжээний уул уурхайн компаниудын сонирхолыг татсан алт зэсийн арвин баялаг нөөц бүхий “Оюу Толгой”-н орд газар, байнгын үйл ажиллагаатай хилийн худалдаа явуулдаг  Гашуун сухайтын хилийн боомт энэ сумын нутаг дэвсгэрт оршдог.  Хил гаалийн худалдаа,  байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлал, газрын баялаг, ашигт малтмалдаа түшиглэн хөгжих боломжтой. 

Тус сум нь Говийн ноён хутагт Данзанравжаагийн үүсгэн байгуулсан   Дэмчогийн хийд,  Диваажингийн орны “Авид бурхан”-ны сүм суврагыг сэргээн засварлаж ашиглалтанд оруулсан нь сүсэгтэн олны талархалыг хүлээсэн ажил болсон юм. Мөн тус  хийдэд “Үлэмжийн чанар” дуун хөшөөг босгосон төдийгүй хийдийг түшиглүүлэн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж ажиллаж байна.

 

Алдартанууд

Тус сумаас ардын хувьсгалын партизан С.Хаддорж, Ц.Довдой,  Монголын төрийн түшээ, эдийн засгийн ухааны  доктор профессор Р.Цагаанхүү,  хэл шинжлэлийн ухааны  доктор профессор Д.Төмөртогоо, ХАА-н уханы дэд доктор Н.Банди, эрдэмтэн Ц.Отгон, Х.Сүглэгмаа, гавъяат барилгачин А.Тэрбиш, цаг уурын албаны тэргүүний ажилтан Р.Нямцэрэн, худалдааны тэргүүний ажилтан  Р.Таванжин, Монгол улсын генерал, онцгой байдлын ерөнхий газрын дарга асан  П.Даш, эмнэг хангал сургалтын спортын мастер Х.Эрдэнэсан, Х.Отгонжав, Х.Дашжав, Х.Хоролмаа, Ц.Хишигбат нарын  алдар суутнууд төрөн гарчээ.

Ханбогд сумын есөн гайхамшиг

Ханбогд сум нь өөрийн нутаг дэвсгэрт оршдог түүх соёлын дурсгалт зүйлс болон байгалийн үзэсгэлэнт газруудыг гадаад дотоодын иргэдэд сурталчлах аялал жуулчлалын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхийн зэрэгцээ ирээдүй хойч үе болсон хүүхэд залуусдаа байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, түүх соёлоо эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилгоор засаг дарга асан, Төр захиргааны тэргүүний ажилтан Д.Буянтогтохын гаргасан санал санаачлагыг дэмжин сумын ИТХ-аар хэлэлцэн тогтоол шийдвэр гаргаж: 

 

  1. Ханбогд хайрхан
  2. Галбын говь
  3. Дэмчогийн хийД
  4. Ундайн голын хайлаас
  5. Галбын улаан тэмээ
  6. Мэлхий цохио
  7. Хөдөлдөг хад
  8. Оюу Толгойн орд
  9. Харанхуй амын хавцал зэрэг газруудыг сумынхаа “Есөн гайхамшиг”-аар тодруулсан билээ

Ханбогд хайрхан уул

Монголчууд эрт дээр үеэс алсаас бараатай өндөр хайрхан уулаа “Хан” хэмээн эрхэмлэн дээдлэн нэрлэж иржээ. Богд гэдэг үг нь эзэн хаан буюу тод, томруун,  ариун гэгээн гэсэн утгыг илэрхийлдэг байна. Иймээс Ханбогд хайрхан нь өндөр сүрлэг, өгөөмөр баян гэсэн  агуулгыг шингээсэн уул юм.

Ханбогд хайрхан нь Ханбогд сумын төвөөс 35 км-т,  Монгол Алтай нурууны төгсгөл үзүүр Галбын уулсын дунд оршдог ба далайн түвшнээс 1541 м өргөгдсөн, эргэн тойрондоо байгалийн үзэсгэлэнт Алтангэрэлийн дугуй, Хаалгын таг, Үүдэт, Човгын агуй, Чингисийн уурганы нүх, Зуун модны ам зэрэг газруудтай. Ханбогд уулыг тойрсон 108 рашаан булаг, 108 цагаан овоо байдаг нь ус агаар нь ариун тунгалаг, хөрс, шороо  нь эрдэний шинжтэй гэдгийг илтгэнэ.

 Ханбогд хайрхан нь Монголын “Богд” нэртэй 300 уулын нэг юм.Ханбогд хайрхныг эрт дээр үеэс тахиж шүтэж байсан уламжлалт ёсыг дахин сэргээснээр ИТХ, ЗДТГазар, орон нутгийн иргэдтэйгээ хамтран 1993 оноос эхлэн тахилгын ёсыг хийж байна.Энэ хайрхны эзэн савдаг нь “Цагаан тэмээ унасан ногоон торгон дээлтэй үзэсгэлэнт бүсгүй лимбэ үлээж байх бөгөөд тэмээний бөхөндөө хурганы уут зүүсэн, уутан дотроос нь аргалын хурганы толгой цухуйсан байдаг” гэж домоглодог нь Галба нутагт хүн малын дуу тасрахгүйгээр үргэлж мөнхөд өсөн үржиж байхын билэгдэлтэй гэж үздэг.Энэ сайхан хайрхан Ханбогд уулаа 9 гайхамшигийн нэгээр тодруулсан юм. 

 

Говийн ноён хутагт Д.Равжаагийн “Галбын магтаал”-ын хэсгээс..

Гайхамшигаар бүтсэн

Галбын тэр ууланд 

Гадна дотно хоёроос нь 

Гажгуу дайсан үгүй...

Сайхан галбирваасан модных нь 

Салаа мөчир нь найгахдаа

Сацлалгүй шидтэнээ

Санан даллах янзтай....

Хүчир их хад нь 

Хүрээлэн байхыг үзвээс

Хүний найман номоос

Хөшиглөн харах янзтай....

Хамаг бурхадын адисласан 

Хандын тэр орондоо 

Ханашгүй Ханбогдыгоо

Хагацашгүй шүтэн сууя...

Галбын говь

Говь нутгийг  судалсан АНУ –ын эрдэмтэн Г.Ф. Осборны ( Төв Азийн монголын говь бол хүн анх үүссэн өлгий нутаг мөн ) гэсэн дүгнэлтийг олон эрдэмтэд шинэ шинэ мэдээ баримтаар баяжуулсаар байна. Галбын говь нь 10 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбай эзэлсэн баруунаас зүүн тийш чиглэн тогтсон 200 гаруй км урт 40-50 км өргөн бөгөөд алдарт 33 говийн хамгийн томд ордог. Галбын говь нь далай түвшинээс дээш 800-1000 м, зарим хотгор хонхор газартаа 50-60 м-ээс үл хэтрэнэ.Энэ говь нь Ханбогд сумын нутаг Саглар, Дайчингийн говь, Модон овоогийн говь, Цахиуртын говь, Хар загийн говь хүртэл үргэлжилнэ. Галбын говь нь ихэнхдээ загийн ойгоор бүрхмэл бөгөөд  хоёр талын уулсаар хайлаас мод элбэгтэй. Галбын говийг арчсан толь мэт цэлмэг, гүн цэнхэр тэнгэрийн нутаг гэж хэлнэ.Энэ нутагт нар гийгүүлэх хугацаа 300-330 хоног цэлмэг байдаг.  Холоос харахад тэнгэрийн хаяа, шаргал элстэй нийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагддаг.Нарны гэрэлд алтан шаргал өнгөтэй харагддаг бол нар жаргах үед хүрэн улаан өнгөтэй болж өөрчлөгдөнө.2007 онд говийн нутгаар аялсан Америкийн зохиолч Маркисийн номд “Галбын говь”-ийн тухай “Монгол хэмээх гайхамшигт орон, Галбын говь хэмээх элсэн манхан надад хүчтэй сэтгэгдэл үлдээлээ. Дэлхийн олон орноор аялж, адал явдлынхаа тухай бичихдээ ийм үзэсгэлэнтэй говь үзээгүй юм байна” гэжээ.
“Галбын говь”-ийн талбай 70 мянган хавтгай дөрвөлжин километр, урт нь 200 километр, өргөн нь 50 гаруй километр. Мөн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Байшин цав, Хуурай цав, Амтгай, Үрэлбэ, Шар цав хэмээх олдворт газар бий.
Монгол улс 360 гаруй том жижиг говьтой байх бөгөөд эдгээрийн нэр нилээд нь адил нэртэй болно.

Дэмчигийн хийд

Өмнөговь аймгийн сонирхолтой газруудын нэг бол яах аргагүй дэлхийн энергийн төв буюу Дэмчигийн хийд юм.Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа говь нутагт байгуулсан олон хүрээ хийдүүдийн нэг Дэмчигийн хийдийн туурь нь өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий.Энэ хийдийг Данзанравжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэх ба Цогцалын хийд ч гэж нутгийнхан нэрлэдэг. 

Дэмчигийн хийд нь давхар хэрмэн хашаан дотор баригдсан Төвд хийцийн 2 давхар сүмтэй, хойд хэсэгт нь 2 гэр, хэрэм нь том хаалгатай байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож, цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. 
Нэрний тухайд гэвэл Төвд үгнээс гаралтай бөгөөд “Дэмчог” гэдэг нь “Дээд амгалан” гэсэн утгатай үг ажээ.Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ.Цэцгийн 8 дэлбээ тус бүр нэг суварга бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй.Энэхүү сүм нь судлаачид, аялагчид, жуулчдын сонирхолыг их татдаг. 

Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтний хэлбэртэй өндөр хад байх ба бүсгүйчүүдэд илүү ээлтэй хэмээн ярьдаг.Гэр бүлийн амьдралыг сайн сайхан болгож тэтгэдэг, нөхөр хүүхэдгүй эмэгтэйд хань ижил, үр хүүхэд заяадаг гэж нутгийн хүмүүс шүтсээр иржээ.Тус хийдийг түшиглэн жуулчны баазууд байгуулагдаж эхэлсэн.

 

Ундуйн голын хайлаас

Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт 6000 гаруй Хайлаас байдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд түүний нэг 3000 хайлаастай  Ундуйн гол юм. 

Галбын улаан тэмээ

Галбын говийн улаан омгийн тэмээ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үржүүлэгддэг.Бүх тэмээний 70-аас дээш хувь нь улаан, улаан хүрэн зүстэй.Ноосны гарц нь нас, хүйсний байдлаас хамаарч 2.8-10.4 кг ноос өгдөг бөгөөд энэ нь улсын дунджаас сүргийн дунджаар 0.2-0.3 кг ноос илүү өгдөг.Эр эм ноосны харьцаа монгол үүлдрийн дундажтай ойролцоо, дунджаар эр ноос 25%, эм ноос 75% эзлэнэ.Эр ноосны дотор зогдор 35%, өгдөг 50%, шил бөх 15% эзэлнэ. 
Нас гүйцсэн тэмээний их биеийн ноосны урт 10-12 см, ноолуурын урт 5-8 см урт байна.7-8 кг ноостой ингэ, 10-12 кг ноостой буур олон байдаг.Галбын говийн тэмээ харьцангуй бие томтой, жин өндөртэй.Буурны амьдын жин 630 / 600-700/ кг, ингэ 560 /500-600/ кг байдаг.Саалийн хугацаа дунджаар 15-16 сар үргэлжилж 300 л сүү саах боломжтой. 

Галбын говийн омгийн тэмээг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар,

Галбын говийн омгийн тэмээг Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Сүхбаатар,

Галбын говийн улаан омгийн тэмээ

Буур

Ингэ

Өндөр (см)

173,5

166,4

Урт (см)

149,6

147,7

Цээжний бүслүүр (см)

238,5

228,5

Шилбэний бүслүүр (см)

23,6

19,8

Ноосны гарц (кг)

7,5

5,5

Амьдын жин (кг)

659,0

568,5

Мэлхий цохио

Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн нутагт оршдог хэвтэж буй мэлхий хэлбэртэй цохио байдаг ба энэхүү цохио 12 м урт, 8,5 м өргөн, 4,6 м өндөр юм. 

Хөдөлдөг хад

Манай орноор аялсан аялагчдын 80 гаруй хувь нь говийн алтан шаргал элс, тэмээн сүргийг үзэхээр ирдэг гэсэн судалгаа бий.Харин жилд говийн нутгаар 2000 гаруй дотоодын аялагчид очдог ажээ.

Монголд төдийгүй дэлхийд ганцхан байдаг хөдөлдөг хад энэ сумын нутаг дэвсгэрт байдаг ажээ. Сумын төвөөс урагш 20 километрийн зайд, Цогцолын хийдийн ойролцоо том хадан дээр шовх,  ирмэгээрээ тулж  малгай мэт тогтсон, барагцаагаар 50 орчим тонн жинтэй, гараар түлхэх юм уу хүчтэй салхинд донхолзон хөдөлдөг цохио байдаг

 

Оюу толгой орд

Оюу Толгойн орд нь дэлхийд тэргүүлэх  зэс алтны орд бөгөөд Улаанбаатар хотоос ойролцоогоор 650 км зайтай оршдог. Ханбогд сумын төвөөс баруун тийш 40 км зайд оршдог. 

Харанхуй амын хавцал

Өмнөговь аймаг Ханбогд суманд Их булагийн ам гэж байдаг. Энэхүү ам нь  хөлгүй их устай. Харанхуй амны хажууд зэргэцээ Гэгээтэй ам гэж байдаг